Эхлэл хэсэгтээ би яагаад хүүдээ монгол хэл заахаар хатуу
шийдсэний учрыг хагас дурдсан билээ. Энэ асуултанд хариулахын тулд зөндөө олон
юм ярьж болох боловч эцэст нь нэг л дүгнэлтэнд хүрч байгаа юм. Би өөрөө монгол
хүн болохоороо хүүхдүүдтэйгээ өөрийн эрхгүй монголоор яримаар болдог гэж. Гэтэл
өнгөцхөн харахад энэ нь арай хувиа хичээсэн үйлдэл ч юм шиг. Зарим хүмүүс
надаас “монголд амьдардаггүй юм чинь монгол хэлээр яах юм, чи ер нь монгол уруу
буцах юмуу, англи хэлтэй байхад ямар ч хүнтэй ярьж чадна биз дээ” гэх мэтчилэн
олон асуулт асуудаг.
Юуны түрүүнд хүүхэддээ багаас нь олон хэл зааж сургах нь
хүүхдийн оюун ухаан, ой тогтоолтонд сайнаар нөлөөлдөгийг шинжлэх ухаан баталсан
байна. Хүүхдүүд маань 2 хэл 2 соёлыг ойлгож өссөнөөрөө том болсон
хойноо өөрийн эрхгүй юмыг олон талаас нь ойлгож чадах чадвартай хүн болно
гэдэгт би итгэдэг.
Цаашлаад бодох юм бол, одоо дэлхий ертөнц хичнээн олон
хуваагдсан байлаа ч, миний бие цөхрөлгүй даяарчлалд итгэсээр яваа. Өнөөдөр би
даанид амьдарч байгаа ч маргааш буцаад монгол явах эсвэл аль нэг өөр орон уруу
явах шаардлага гарахад надад татгалзах зүйл байхгүй. Даяарчлал бол зүгээр нэг
хэсэг моодонд ороод өнгөрсөн барууны хэллэг биш. Jack Weatherfordын санаагаар: ”Даяарчлал бол орчин үеийн хамгийн том ололт бөгөөд
монголчууд энэ ололтыг анх эзэнт гүрний үед гүйцэлдүүлж чадсан” гэдэгт би одоо
болтол итгэдэг. Миний бодлоор монгол
хүний жинхэнэ мөн чанар нь нүүдэлчин амьдралтайгаа салшгүй холбоотой. Бид
сүүлийн дал наян жил хичнээн суурин байдлаар амьдарсан ч байсан дасан зохицох
чадвар, гүйх ухаан, хувийн бардам зангаа
үл ойшоож бусадтай нөхөрлөх чадварараараа үнэхээр ялгарч чаддаг. Ийм зан
чанартай хүмүүс шинэ санаа, олсон баялгаа хурааж хуримтлуулдаг биш харин
бусадтай өөрийн эрхгүй хувааж ашиг шимийг нь бусдад хүртээж амьдарснаараа бахархаж явдаг.
Тийм ч учраас би хүүхдүүдэд минь монгол хүний энэ зан чанар хэл усаар минь
дамжиж үлдээсэй гэж амьхандаа мөрөөднө.
Эцэст нь ний нуугүй хэлхэд хүүхэддээ хэл зааж эхэлсэнээс
хойш би өөрийнхөө тухай багагүй зүйлийг бас мэдэж аваад байгаагаа нуух юун. Юуны
түрүүнд би ганц аав ээж ар гэрээ биш монгол хэлээ, тэр дундаа монгол сэтгэхүйгээ
ямар их санаж байгаагаа өөрийн эрхгүй ойлголоо. Монгол хүмүүстэй уулзаж
монголоор ярьсанаас хойш монголоор уншиж бичмээр болж, өөр монгол хүмүүсийн
төлөө юу хийж болох вэ гэж урьдаас улам ч их боддог боллоо. Тэрний хажуугаар
төрсөн хүүхэддээ өөрийгөө бүрэн илэрхийлж, тэдэнтэйгээ өөр хэнд ч байхгүй эх
хүүгийн харьцаагаа батжуулах шиг сайхан зүйл хаана байх вэ!
Jack Weatherford саяхан 2016 онд “Chingis Khan and the Quest for God” гэдэг шинэ номоо тун цаг үеээ олж
хэвлүүлсэнийг олж уншаарай гэж та бүхэндээ зөвлөмөөр байна. Энэ номонд төрөлх
хэлээрээ ярьж, шашин соёлоо чөлөөтэй шүтэж чадсан хүмүүс л амжилтанд хүрч
чаддаг юм байна гэдгийг ойлгож авсан Чингисийн монголчууд, хэрхэн олон шашныг
нэг эзэнт гүрний дээврийн дор захиран гүйцэлдүүлж байсан тухай бичсэн байна. Өнөөгийн
Америк, Орос, Турк, Сири тэгээд европын бусад орнуудад болж буй хар бараан үйл
явдлуудыг үзэж бухимдсаны дараа энэ номыг гарчиглаад би хүн төрөлхтөнд, тэр
дундаа монгол хүндээ итгэх итгэл алдраагүй яваагаа өнөөдөр ийнхүү хуваалцлаа.